Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой–Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх 270 км авто замын төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Тусгай зориулалтын хүнд даацын хатуу хучилттай авто зам нь Өмнөговь аймгийн Ханхонгор, Номгон, Хүрмэн сумдын нутаг дэвсгэрийг дамнан өнгөрөх бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн дэд бүтцийг сайжруулах, хилийн боомтын холболтыг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны байдлаар төслийн нийт ажлын гүйцэтгэл 16 хувьд хүрчээ. Бүтээн байгуулалтын талбайд нийт 335 ажилтан, 238 техник, тоног төхөөрөмжийг дайчлан авто замын газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.

Төслийн III–IV багцын 155.2 км авто замын бүтээн байгуулалтын ажил 2026 оны зургаадугаар сараас эрчимжсэн бөгөөд дотоодын таван компани хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд авто замын трассын дагуу ухмал, далангийн ажил өрнөж, чулуун дүүргэлт болон далангийн дэд суурийг байгуулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар далангийн ажлын гүйцэтгэл 33 хувьд хүрч, далангийн ажлыг арваннэгдүгээр сарын 30-ны дотор дуусгахаар төлөвлөжээ.

Говийн бүсийн усны хангамж, барилгын материалын тээвэрлэлт нь бүтээн байгуулалтын явцад тулгарч буй гол сорилтуудын нэг юм. Тиймээс шаардлагатай чулуу, материалыг карьеруудаас татан, хүнд даацын тээврийн замд тавигдах чанар, стандартын шаардлагыг хангах, суурь бүтцийг бат бөх, найдвартай байгуулахад анхаарч байна.

Авто зам дагуух үйлчилгээ, аюулгүй байдлын дэд бүтцийг цогцоор нь төлөвлөжээ. Тухайлбал, нэг цэгийн үйлчилгээний цогцолбор байгуулж, суудлын болон ачааны автомашины зогсоол, тээврийн хэрэгслийн засварын төв, авто замын хяналт удирдлагын төв, шуурхай үйлчилгээний алба, зам засвар арчлалтын хэсэг болон дэлгүүр, зочид буудал, цайны газар зэрэг үйлчилгээний байгууламжийг бий болгохоор төлөвлөсөн байна.

Түүнчлэн замын дагуу 15 км тутамд 3–5 автомашин байрлах багтаамжтай түр зогсоол, Цагаандэл-Уул хилийн боомтод 250–300 тээврийн хэрэгслийн багтаамжтай авто зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр нь жолооч, тээвэр эрхлэгчдийн ая тух, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ тээврийн урсгалыг илүү зохион байгуулалттай болгоход чиглэж байна.

Цагаандэл-Уулын чиглэлийн авто зам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл сайжирч, хилийн боомттой холбогдох тээврийн сүлжээ өргөжин, ачаа тээврийн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн бүс нутгийн эдийн засгийн идэвхжил, логистикийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зам дагуух үйлчилгээ, засвар арчлалт, тээвэртэй холбоотой ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

“Ундрах говь” компани төслийн бүтээн байгуулалтыг үе шаттай үргэлжлүүлж, замын чанар, стандарт, аюулгүй байдлын шаардлагыг ханган ажиллаж байна.